IBM корпораци 100 нас хүрлээ.
1911 онд Америкийн бизнесмен Чарльз Флинт цаг, жин, мах, бяслаг хэрчигч үйлдвэрлэгч хэдэн жижиг компанийг нэгтгэсэн байна. Зуун жилийн дараа гэхэд IBM корпорацийн үйлдвэрлэсэн компьютерууд сансарт нисч, телевизийн шоунд оролцож, дэлхийн шатрын аваргуудтай тоглодог болжээ.
IBM корпорацийн үндэслэгчийн алдрыг нэг хүнд хүртээхэд учир дутагдалтай. Энэ алдрыг Герман Холлерит (Herman Hollerith), Чарльз Флинт (Charles Flint), Томас Уотсон (Thomas Watson) гэсэн гурван хүн ижил тэгш хүртэх ёстой. Энэ хүмүүс нь Хьюлетт, Паккард, Джобс, Возняк, Билл Гейтс, Аллен, Брин, Пейдж зэрэг дэлхийн бусад томоохон корпорациудыг үндэслэгчдээс ялгаатай нь гурвуулаа IBM –ийн хөгжилд тус тусын хувь нэмрээ оруулсан юм.
Корпорацийн үндсийг Холлерит тавьсан байна. 1880 – аад онд АНУ-ын хүн амын бүртгэлийн товчоонд ажилладаг байхдаа перфокартан дээр бичсэн мэдээллийг тооцоолж, дүн шинжилгээ хийх чадвартай машин \табулятор\ зохион бүтээжээ. Түүний төхөөрөмж тэр даруй хэрэглээнд нэвтэрч, 1890 онд АНУ-ын хүн амын тооллогын тоо баримтыг боловсруулахад ашиглав. Төхөөрөмж маш өндөр бүтээмжтэй болохоо баталлаа. 1880 оны хүн амын тооллогын тоо баримтыг 8 жилийн туршид боловсруулж, задлан шинжилсэн бол энэ удаад тэрхүү нүсэр ажлыг ердөө жилийн хугацаанд амжуулжээ. 1896 онд Холлерит тооцоолон бодох машин үйлдвэрлэгч, нийлүүлэгч “Tabulating Machine Company” (TMC) компанийг байгуулав.
1911 онд ТМС янз бүрийн хэрэгсэл үйлдвэрлэгч дөрвөн компаниас бүрдсэн конгломератын бүрэлдэхүүнд оров. Конгломератыг Чарльз Флинт толгойлж, нөгөө гурван компани нь хүнсний хутга, жин, ширээний цаг (table timer) зэргийг үйлдвэрлэдэг байв. Ширээний цагийг тэр үед үйлдвэрийн ажилчдын цаг бүртгэхэд ашигладаг байлаа. Компаниуд нэгдсэнээр “Computing Tabulating Recording Corporation” (CTR) гэдэг шинэ компани үүслээ. 1911 оны 6 сарын 16 бол CTR байгуулагдсан өдөр юм.
1914 онд Флинт компаний удирдлагыг “National Cash Register Company “– д кассын төхөөрөмжөөр мэргэшин ажиллаж байсан Томас Уотсонд санал болгов. Уотсон CTR – ийн үйлдвэрлэлийг бизнесийн үйл ажиллагаанд зориулсан бүтээглэхүүнд чиглүүлэхээр шийдэв. Үйлдвэрлэлийн чиглэлээ өөрчилсөн компани 1924 онд “International Business Machines” (IBM) гэсэн нэртэй боллоо. Уотсоны удирдлаган дор эхний 4 жилийн хугацаанд CTR – ийн ашиг хоёр дахин өсөв. 30 – аад оны Их Хямралыг даван туулахад төрийн захиалгууд нэлээн тус болсон байна. Тухайлбал: тэр үед дөнгөж бий болж байсан нийгмийн даатгалын тогтолцоог бүрдүүлэхэд шаардлагатай АНУ-ын оршин суугчдын талаарх мэдээллийг табуляторын тусламжтай боловсруулах захиалгийг биелүүлжээ. Дэлхийн 2-р дайны үед IBM бусад олон компаний адил “батлан хамгаалахын” салбарт мэргэшиж, буу зэвсэг, цэргийн машин техникийн хөдөлгүүрийн хэсгүүдийг голдуу үйлдвэрлэж байлаа. Америкийн зохиолч Эдвин Блэк “IBM ба еврейг устгах нь ” (IBM and holocaust) номондоо Томас Уотсон Гитлерт тал засч, тэр байтугай, бөөнөөр хорих лагеруудад хоригдлуудынхаа талаарх мэдээллийг боловсруулахад нь тусалж табулятор нийлүүлж байсан тухай бичсэн байдаг. Нөгөө талаас, IBM дайны жилүүдэд фронт дээр амь үрэгдсэн америкчуудын ар гэрт туслах санг байгуулжээ. 40 - өөд онд IBM Харвардын Их Сургуулийн эрдэмтдийн хамтаар орчин үеийн компьютерийн өвөг эцэг болсон “Mark I” машиныг бүтээв. Mark I нь автоматаар тооцоолж чаддаг байснаас гадна, АНУ-ын далайн цэргийн хүчний балластик тооцоог хийхэд ашиглагддаг байжээ. Компьютерийн өвөг эцэг маань 4,5 тонн орчим жинтэй байлаа. Мэдээллийг машинд оруулахын тулд перфо туузыг ашигладаг байв.
Дараагийн 20 жилд IBM компани голдуу “мейнфрейм” гэгдэх томоохон компаниуд хэрэглэдэг байсан электрон тооцоолон бодох машиныг үйлдвэрлэж байв. 1952 онд секундэд 17 000 үйлдэл гүйцэтгэх чадвартай "IBM 701" машин бий боллоо. Харин 7 жилийн дараа секундэд 229 000 үйлдэл гүйцэтгэдэг транзисторт "IBM 7090" гарч ирлээ. IBM – ийн математикчид, программистуудаас бүрдсэн баг (тэдэн дунд шатарчин ч бас байв) “Фортран” хэмээх өнөөг хүртэл хэрэглэж буй программчлалын хэлийг зохиов.
IBM компаний мейнфрейм үйлдвэрлэлийн түүхэн үе шатны дараагийн чухал бүтээл бол 1964 онд бий болсон “System/360” юм. Энэ систем бий болсноор “машинуудын зохицол, нийцэл ( совместимость ) ” гэсэн ойлголт компьютерчдын дунд хэвшжээ. System/360 – д хамаарах бүх машинууд дээр адилхан программуудыг ажиллуулж болох бөгөөд машинд шинэчлэлт хийсэн ч ашиглагч компаниуд хуучин программууд, туслах төхөөрөмжүүдээ ашиглах боломжтой байлаа.
1956 онд компаний удирдлага Уотсоны хүү бага Томас Уотсоны гарт шилжлээ. Тэрээр 1970 он хүртэл компанийг толгойлж байсан ч, 1970-1984 онд захиралуудын зөвлөлд багтаж байв. Бага Уотсон 1979-1981 онд ЗХУ дахь АНУ-ын элчин сайдаар ажиллаж байсан нь сонирхолтой.
“IBM” гэдэг нэр АНУ-ын сансар судлалтай салшгүй холбоотой. Корпорацийн бүтээсэн тоног төхөөрөмж, программ хангамж “Аполлон” хөлгийн саранд хийсэн нислэгийн хөтөлбөрт ашиглагдаж, дараа нь IBM Шаттлыг сансрын уудамд илгээхэд тусалжээ.
1981 онд “IBM PC” компьютер зах зээлд мэндэллээ. 10 килобайт санах ой, floppy дискийн оролт, хар цагаан дэлгэц (монохронный дисплей) бүхий суурь загварын энэхүү компьютер зах зээл дээрх бусад олон төрлийн персонал компьютеруудаас (ПК) онцгойрох юмгүй байв. Гэвч IBM PC нэгэн чухал онцлог талтай байсан гэдгийг цаг хугацаа харуулсан юм. Энэ нь IBM PC компьютерийг IBM корпораци иж бүрнээр нь хийж байгаагүй явдал. Процессорыг Intel, DOS үйлдлийн системийг Microsoft хэмээх ердөө 32 ажилчинтай нэрд гараагүй компани үйлдвэрлэдэг байлаа. IBM өөрийн бүтээлээ зохиогчийн эрхээр хамгаалах гэж зүтгээгүй нь IBM PC – тэй төстэй хямд төсөр олон загвар бий болоход хүргэж, ПК – ийг нийтийн хэрэглээ болгоход том түлхэц өгсөн юм. ПК-ийн зах зээлийн төлөөх тулаанд ялагдсан IBM корпораци 1990 он гэхэд хямралын байдалд орлоо. Хямралыг даван туулахад хамаг боломжоо шавхан, ердийн хэрэглэгчдийн зах зээлийг орхиж, бизнесийн салбар болон шинж ухааны төслүүдэд хүч үзэх шаардлагатай болов. 21-р зууны эхэн гэхэд IBM корпораци хатуу дискийн үйлдвэрээ Hitachi компанид, “ThinkPad” зөөврийн компьютерийн үйлдвэрээ Хятадын “Lenovo” – д тус тус худалдав. Тэдгээрийн оронд IBM корпораци "Price water house Coopers" компаниас хэрэглэгчдэд з зөвлөгөө өгдөг ( англ. consulting — консультирование ) хэсгийг өөртөө авч, ашигтай бизнес болгон хувиргаж чадлаа. Түүнээс гадна IBM шинэ зууны эхээр хүчирхэг суперкомпьютер үйлдвэрлэлийн салбарт “өөрийгөө олсон” юм. Blue Gene, Deep Blue гэх мэт суперкомпьютерууд шинжлэх ухааны том том лабораторт дүнхийж, 1997 онд дэлхийн шатрын аварга Гарри Каспоровыг ч хожсон удаатай. (Г.Каспоров Deep Blue - ийн crack – ийг хайж байна гэсэн наргиа хэдэн жилийн турш интернетийн орон зайд хэсүүчилсээр байв). Мөн IBM корпораци Jeopardy хэмээх америкийн телевизийн сугалааны шоунд зориулж үндэслэгчийн нэрээр нэрлэгдсэн “Watson” компьютерийг үйлдвэрлэсэн юм. 2011 оны 2 сард уг компьютер хоёр “амьд” тоглогчтой ана мана үзэлцэн хожиж, олон сая долларын шагнал авчээ. Компьютерынхаа хожсон мөнгийг IBM сайн санааны үйлсэд зориулжээ. IBM бол 20-р зууны гоц үзэгдэл бөгөөд энэ бол зөвхөн энгийн тооцоолон бодох машинаас өнөөгийн суперкомпьютер хүртэлх компьютерийн техникийн хөгжлийн түүх биш юм. IBM корпорацийн түүх нь хүн төрөлхтөн Их Хямрал, Дэлхийн хоёрдугаар дайн, хүйтэн дайныг даван туулж, сансарт гарч чадсан түүхийн бүрэн тусгал юм.
Хамгийн гайхалтай нь, “Титаник” хөлөг далайд гарсан жил байгуулагдсан IBM корпораци нь 7 настай Facebook, 13 тай Google, 30 шүргэж яваа Apple болон Microsoft зэрэг мэдээллийн технологийн аваргуудын дунд “ эмээ” гэж харагдахгүй байна. Дээр дурьдсан аваргууд эхлээд IBM – ийн саналыг дуулгавартай сонссоны дараа өөрийнхөөрөө хөдөлдөг. Тэгээд ч, эмээ нар Wii, PlayStation, Xbox – т зориулж процессор бүтээнэ гэж үү?
Эх сурвалж: www.lenta.ru
Комментариев нет:
Отправить комментарий